Эрхэм хүндэт Монголчуудаа, элэг нэгт ахан дүүс ээ!
Энэ эрхэм өдөр та бүхнийхээ түмэн амгаланг айлтгая.
Улирч буй 2015 он манай Оном Сан болоод эрүүл энхийг эрхэмлэн дээдлэгч монгол хүн бүрийн хувьд онцгой чухал жил байлаа.
Элэг нэгт монгол түмнээ элэгний эмгэг өвчлөлөөс ангижруулах талаар олон жил сэтгэл дотроо тээж, бодол оюундаа тунгаан боловсруулсан хүсэл мөрөөдөл минь 2015 онд бодит ажил хэрэг болох эхлэлээ тавьж, “Эрүүл Элэг” хөтөлбөр маань үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болж, цар хүрээ нь өргөжин тэллээ. Хүн зоныхоо эрүүл энхийн төлөөх энэ ариун үйлсэд төр засаг ч анхаарлаа хандуулж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа өгсүүлээд түмэн олон маань ч ажил үйлс, сэтгэл зүрхээрээ дэмжин түрлэг нэмлээ.
Та бидний энэхүү хамтын хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд элэгний С вирүсийг бүрэн эмчлэх үйлчилгээтэй, орчин үеийн анагаах ухааны гайхамшигт ололтын нэгд зүй ёсоор тооцогдож буй Харвони эмийн эхний хэсэг шинэ оны босгон дээр эх оронд маань орж ирлээ. АНУ-д 94 мянган ам долларын үнээр борлуулагддаг өндөр өртөгтэй энэ эмийг манай Оном Сан элэгний эмгэг зовиураар шаналж буй монголчууддаа аль болох хямд үнээр хүргэх нэгэн сэтгэлт зорилго тавин ажиллаж, олон удаагийн гэрээ хэлцэл хийж, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 1200 ам доллар болтол хямдруулж чадлаа.
Өнөө маргаашийн, өвөр зуурын ашиг хонжоо харалгүй, өвчин зовлонд шаналсан өрөөл бусдын төлөө сэтгэл тавин зүтгэж чадвал ямар ч буянт үйл цагаан сүүний мөртэй, цаг ямагт бүтэхийн гэгээн ерөөлтэй байдгийг энэ үйл хэрэг харууллаа
Одоо бидний өмнө энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглах, элэгний С вирүстэй хүн бүрт Харвони эмийг хүртээмжтэй хүргэж, мэргэжлийн эмчийн хяналт, заавар зөвлөмжийн дагуу хэрэглэх, улмаар 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирүсийг бүрэн устгасан орон болох том зорилт хүлээгдэж байна. Энэ зорилтын ард олон мянган хүний эрдэнэт амь, олон мянган айлын элэг бүтэн амьдралыг аврах их үйл, эрхэм утга оршиж байгаа юм.
2015 онд бид хамгийн сүүлийн үеийн оношлогооны дэвшилтэт багаж тоног төхөөрөмж бүхий, нарийн мэргэжлийн өндөр мэргэшсэн эмч нартай ашгийн бус “Элэгний Төв”-өө нээн ажиллуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөөх үйлсэд нэгэн их цутгал нэмлээ.
Бид бүхний хувьд 2015 он өгөөж буян, үр жимсээ өгсөн, хүний төлөө гэсэн ажил үйлээ илүү хурдтай, илүү үр дүнтэй хийж гүйцэтгэх их урам зориг, хүсэл сэтгэлийн жигүүр хайрласан сайхан жил байлаа.
Аз жаргалант амьдралын үндэс болсон эрүүл энхийн жаргаланг монголчууддаа бэлэглэхэд Оном Сан цаашид ч та бүхэнтэйгээ хамт байх болно. Эрүүл монгол хүн, энх жаргалтай амьдралын төлөө бид олон улсын байгууллага, төр засаг, гадны дотны сайхан сэтгэлт эрхэм хүмүүстэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн олон үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна.
Би эрүүл монгол хүний төлөө бүгдээрээ эв хүчээ нэгтгэн зүтгэж чадвал жаргалтай монголыг бүтээж чадна гэдэгт итгэдэг.
Би хөгжсөн, хүчирхэг Монгол Улсыг эрүүл, оюунлаг монгол хүн л бүтээж чадна гэдэгт итгэдэг.
Би Монголчууд дэлхийд гайхуулах авъяастай шигээ биесээ дэмнэж түших ухаантай, энэрэн нигүүлсэх уужим сайхан сэтгэлтэй гэдэгт итгэдэг.
Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө, өнгөрснөөс гэгээлэг ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан байж, элгэн халуун нутагтаа элэг бүтэн амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Оном Сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх Ухааны доктор Д.Наранбаатар
Оном Сангийн Гүйцэтгэх захирал, Анагаах Ухааны доктор Д.Наранжаргал