ХИЧЭЭЛ ДАВТАХ ҮР ДҮНТЭЙ АРГУУД
Зорилгоо тодорхойл
Хичээл давтах бүрдээ ямар нэг бодлогын хариуг олох, эхийн гол санааг ойлгох зэргээр зорилго тавих хэрэгтэй. Ингэж бага багаар өөртөө зорилго тавих нь дараа дараагийн том шалгалтуудыг давах суурь болж өгдөг.
Төлөвлөгөөтэй хичээллэ
Нэг дор их ажил хийх эсвэл олон хичээлийг ганцхан өдөр давтах хэрэг гарахад алинаас нь эхлэхээ мэдэхгүй самгардах үе танд гарч байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол хэрхэн төлөвлөгөө гаргахыг мэдэхгүй байна гэсэн үг юм. Ийм тохиолдолд та олон хичээл овоолсон үедээ алинд өөрийгөө бүрэн зориулах вэ гэдгээс эхлэн уймарч, нэгийг нь орхин нөгөөг нь эхэлдэг. Энэ байдалд орохгүйн тулд та ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ гэдгээ төлөвлөн гаргах хэрэгтэй юм.
Сурагчид өдөр тутмын, долоо хоног бүрийн төлөвлөгөөг багтаасан сарын төлөвлөгөөндөө:
- Ямар хичээлийг долоо хоногийн аль өдөр хийхээ
- Үзсэн сэдвээ хэзээ ахин давтахаа
- Шалгалтын хуваариа
- Ямар гэрийн даалгаварыг хэзээ бэлдэх ёстойгоо
- Төлөвлөгөөндөө орсон ч олон шалтгаанаас болоод цагтаа дуусгаагүй хичээлээ хэзээ бүрэн хийхээ
- Амрах, зурагт үзэх, театр явах зэрэг хичээлээс гадуур зүйлсийг хэзээ хийхээ тодорхой харуулах хэрэгтэй юм.
Өдөр тутмын төлөвлөгөөндөө унтах сэрэх, хичээлдээ явах ирэх, гэрийн ажилдаа туслах зэрэг бүхий л цагаа нарийн гаргах хэрэгтэй.
Хичээл давтах үедээ залхууран нозоордог сурагч цагаа буруу сонгосон хэрэг бөгөөд тэр дор нь ахин шинэчлэх хэрэгтэй юм.
Төлөвлөгөөтэй хичээл давтахын үр ашиг:
- Бүх зүйлээ хийх цаг гарган, илүү их сонирхолтойгоор хийхэд тусална.
- Ямар хичээлээ давтахаа шийдэх гэж цаг алдах, нэгийг эхлэн, нөгөөг хаях зэргээс сэргийлнэ.
- Хичээл бүрдээ хангалттай цаг зарцуулсан гэсэн итгэл төрүүлнэ.
- Шалгалтандаа тулгаж бэлдэх, сандарч догдлохоос сэргийлнэ.
- Сурах сэдвийг богино хугацаанд шахахаас илүүгээр удаан, үлдэцтэй сурахад тусална.
- Эцэг эхийн хооронд таны хичээлийн талаар маргаан гарахаас сэргийлнэ.
- Тодорхой төлөвлөгөө гаргах нь өөрийгөө хичээлдээ бүрэн зориулахад тусална.
Төлөвлөгөө зохиохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хичээлээ давтах цагаа тэнцүүл, нэг хичээлийг удаан давтвал бусад хичээлд цаг үлдэхгүй.
Өдөрт хэдэн цаг хичээл давтах нь сурагч бүрийн суралцах чадвар, ерөнхий мэдлэг зэргээс хамаарч өөр байдаг. Урд нь хичээл давтдаггүй байсан сурагч бага багаар давтаж эхлэх хэрэгтэй. Ер нь хичээл давтахад 4-5 цаг шаардлагатай байдаг бөгөөд хэрэгцээнээс хамаарч ихсэж, багасаж болно.
Хэт удаан хичээллэх эсвэл удаан завсарлаж, бага давтах зэрэг нь үр дүнгүй. Харин 40- 50 мин давтаад 5- 10 мин амрах нь тохиромжтой байдаг.
Төлөвлөгөөндөө хичээл давтах цагаа гаргахдаа тухайн хичээлийн онцлог болон өөрийн байдал зэргийг харгалзах хэрэгтэй юм.
Адил хичээлийг цувуулж хийлгүйгээр тооны хичээлийн дараа унших, бичих зэрэг хичээлээ давтах нь илүү үр дүнтэй байдаг. Хүнд хичээлээ хялбархан ойлгож болох цагт давтах хэрэгтэй. Судалгаанаас үзвэл өглөөний цаг, үдээс хойш 14- 16 цагийн хооронд болон унтахын өмнөх цагууд дахин давтахад тохиромжтой байдаг бөгөөд мэдээж сурагч бүхэнд өөр байдаг.
Дахин давтахдаа тухайн өдөр сурсан сэдвээ тэр өдөрт нь давтах нь мартахаас сэргийлж, илүү сайн ойлгоход тусалдаг. Мөн дараагийн өдөр үзэх хичээлээ өмнөх өдөр нь дахин давтах нь үр дүнтэй.
Төлөвлөгөө гаргахдаа өдрийн тогтмол цагийг хичээл давтахад зориулах хэрэгтэй.
Хооллосныхоо дараа 30 минут орчим сууж хичээлээ давтах нь үр дүнтэй байдаг.
Төлөвлөгөөндөө зурагт үзэх, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг цагаа тусад нь тусгавал хичээл хийх үедээ өөр зүйлд сатаарахаас сэргийлнэ.
Ингэснээр амрах, унтах, хичээл давтах зэрэг бүх ажил тань тодорхой болох юм.
Цагаа үр дүнтэй ашигла
Сурагчид биемахбодь, оюун ухаан, сэтгэлзүйн чадвараараа ялгаатай байдаг. Нэг нь хичээлээ дуртайяа давтаж байхад нөгөө нь залхуурах гэх мэт. Тийм учраас сурагчид өөртөө тохирсон төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Хичээл давтсаныхаа дараа 5-10 минут амрах нь тустай бөгөөд ухаанаа ахин төвлөрүүлэхэд чухал байдаг. Мөн амрах, спортоор хичээллэх зэрэг нь ч чухал байдаг.
Саад болж байгаа зүйлсийг холдуул
Хичээлээ давтаж эхлэхээсээ өмнө ядаргаа, нойргүйдэл, уур уцаар, айдас, сэтгэлийн хэт хөдөлгөөн, өлсгөлөн байдал, гэр бүлийн асуудал, уй гашуу, яаралтай ажил зэргээ аль болох шийдэж дуусгасан байх хэрэгтэй.
Хичээл давтахад тохиромжтой орчныг сонго
Хичээл давтах газар эмх цэгцтэй, аль болох тайван, намуун, гэрэлтэй, агаартай орчин байх хэрэгтэй. Тусгай газар олдохгүй бол тохиромжтой газар бүрт хичээлээ давтаж хэвших хэрэгтэй. Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог.
Анхаарлаа төвлөрүүл
Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Дуртай, сонирхолтой сэдвээ давтахад анхаарал бүрэн төвлөрдөг. Тогтмол нэг газар хичээллэх, чимээгүй намуун орчинд сандалд суун хичээллэх, дараалал гаргах, бүрэн дуусгахаар шийдэх зэрэг нь анхаарал сарнихаас сэргийлдэг.
Суралцах тохиромжтой аргыг сонго
Сэдвээ хоосон цээжлэхээс сэргийл. Хий цээжилдэг сурагчдад уялдаа холбоог нь олох, үр дүнгий нь олох, гол санааг нь ойлгох зэрэг чадвар хөгждөггүй.
Сурч байгаа бүхнээ аль болох бодит болгож бай. Хүний сурах явцын 70% нь харахаас үүдэлтэй бөгөөд бусдыг нь сонсох, хүрэх, үнэрлэх зэрэг эзэлдэг байна.
Сурах шаардлагатай, урт, нийлмэл сэдвийг бүтнээр нь унших хэрэгтэй. Ингэхийн тулд нэг удаа гүйлгэж уншаад дараа нь хэсэг хэсгээр нь тогтож харах хэрэгтэй юм.
Хичээлдээ бэлтгэлтэй ирэх хэрэгтэй
Амжилтанд хүрэх нэг арга нь идэвхтэй байх юм. Идэвхгүй сурагчид хичээлээ ойлгодоггүй. Ер нь сурагчид үзэх сэдвээ урьдчилан харсан байх шаардлагатай бөгөөд ингэснээр өөртөө итгэлтэй болж, идэвхтэй болдог байна.
Шаардлагатай бол ойлгоогүй зүйлээ тэмдэглэж аваад хичээл дээрээ багшаасаа асуу. Багш нар хичээлдээ идэвхтэй оролцдог, асуулт тавьдаг хүүхдэд илүү хайртай байдгийг бүү мартаарай.
Тэмдэглэж ав
Сурагчдын ихэнх нь тэмдэглэл хийж чаддаггүй. Хичээлээ тэмдэглэж авахдаа:
Багшийн хэлснийг бус ойлгосноо тэмдэглэх хэрэгтэй.
Багшийн тайлбарласан зүйлийн гол санааг бичих хэрэгтэй.
Ихэнх цагаа бичихэд бус сонсож, өөрийн болгоход зарцуулах хэрэгтэй.
Сэдвээ зураг, график ашиглаж тайлбарласан бол үүнийг нь ч зурж авах хэрэгтэй.
Бичиг тань эмх цэгцтэй, уншихад ойлгомжтой байх шаардлагатай.
Эхлээд ноорог хийгээд дараа нь цэвэрхэн хуулж болно.
Материал болон бусад зүйлсийг ашигла.
Сурагч ямар ч зүйлийг хийх аргаа олвол сурах сонирхол, ухааны чадвар нь тэр хэмжээгээр ихэснэ.
Энгийн сурах аргын хажуугаар зураг, дүрслэл, график зэргийг ашиглах нь чухал бөгөөд олон арван хуудас мэдээллийг нэг дор цуглуулан ойлгуулж өгдөг юм.
Үр дүнтэйгээр унш
Унших нь сурах ерөнхий арга юм. Хурдан уншихад илүү сайн ойлгож, цаг хэмнэдэг. Дунд сургуулийн сурагчийн унших түвшин минутанд 200- 250 үг байдаг. Энэ нь уншсан зүйлээ ойлгон, дүгнэх чадвараас нь хамаарч өөр байдаг. Цаг заваараа түүх, үргэлжилсэн үгийн зохиол уншиж байгаа бол хурдан уншдаг ч удаан уншиж болох юм.
Хурдан уншихын тулд дуугүй унших хэрэгтэй. Хурдыг нэмэхээс гадна ойлгоход нөлөөлдөг. Эхлээд ном сонин зэргийг уншсаар зав гарсан үедээ ном зохиол уншдаг дадалтай болно.
Ойр ойрхон давтаж мартахаас сэргийл
Сурагчид цаг хугацаа өнгөрөхөд мартаж болох тул үүнээс сэргийлэх хоёр арга байдаг: сурсан зүйлээ боломж гарах бүрт хэрэглэх, ойр ойрхон давтах. Боломж гарах бүрт хэрэглэвэл ашиг тусыг нь мэдэрч, шинээр олон зүйл сурах сонирхолтой болдог. Ойр ойрхон давтахад сурсан зүйлээ дахин санахаас гадна шалгалтанд цаг үргэлж бэлэн байна гэсэн үг юм